Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих ДОХ-ын төсөл боловсруулах "Хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт" 2020 оны 01-р сарын 21-нд зохион байгуулагдлаа.

Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих ДОХ-ын төсөл боловсруулах ажлын хүрээнд төслийн чиглэлийг тодорхойлох, өргөн барих төслийн эхийг хэлэлцүүлэх зорилгоор ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээнд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт 2020 оны 01 дүгээр сарын 21-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн  дарга, мэргэжилтнүүд болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 108 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах арга хэмжээ, нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Хурлын үйл ажиллагааг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нээж, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн С.Амарзаяа “ХДХВ/ДОХ-ын нөхцөл байдалд хийсэн үнэлгээний танилцуулга”, төсөл бичих дотоодын зөвлөх С.Эвлэгсүрэн “2021-2023 онд хэрэгжих Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ-ын төсөл боловсруулахад анхаарах асуудал, чиглэл” илтгэлүүдийг танилцуулав. 

Оролцогчдид 4 бүлэгт хуваагдан дараах чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:

1. Эрсдэлт бүлэг (ЭБЭ, ЭБҮ, Трансжендэр, Хоригдол, МБХ)-ийн хүн амд БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулах, ХДХВ-ийн халдвараас үүдэлтэй тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах,

2. Нийт хүн ам болон халдварт өртөх эмзэг бүлэг (өсвөр үе залуучууд, хөдөлгөөнт хүн ам, зэвсэгт хүчин, хууль сахиулах, хил хамгаалах байгууллага)-т чиглэсэн ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

  1.   БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх
  2. Үндэсний хэмжээнд салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, бодлого эрхзүйн таатай орчин бүрдүүлэх

Уулзалтанд оролцогчид тогтвортой байдлыг хангах, санхүүжилтийг нэмэгдүүлэх,  одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, тэргүүлэх чиглэл , гол арга хэмжээ эрэмбэлэх, тулгамдаж байгаа асуудлуудын талаарх саналаа дэвшүүлэн хэлэлцлээ. Төслийг  энэ оны 3-р сарын 23-нд Глобаль санд өргөн барих юм.

 

2020/02/04