ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгуулга (ДЭМБ) нь 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн билээ. ДЭМБ нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмрийг оруулж, техникийн туслалцаа болон санхүүгийн дэмжлэгийг тасралтгүй үзүүлж шинэлэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

            Энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ” уриан доор онцлон тэмдэглэсэн. Энэ ажлын хүрээнд Эрүүл Мэндийн яам ДЭМБын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас баярын хурал болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх талаар хийгдэж буй үйл ажиллагаа болон амжилтуудын талаар үзэсгэлэнг 2019.04.05-ны өдөр зохион байгууллаа.

            Хурлын үйл ажиллагаанд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа оролцлоо. Мөн үзэсгэлэнд төслийн баг салбар хүлээн авагчид болох Сумын эмч мэргэжилтэнгүүдийн холбоо болон Монголын Өрхийн анагаах ухааны холбоотой хамтран оролцож төслийн зүгээс эрүүл мэндийн анхан шатанд буюу өрх, сумын эрүүл мэндийн түвшинд үзүүлж буй тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

 

2019/04/08