Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь 1993 онд байгуулагдсан, сүрьеэ уушигны өвчинтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Сүрьеэ уушигны өвчинтэй тэмцэх олон улсын холбоо, Ази номхон далайн бүсийн сүрьеэ уушигны өвчинтэй тэмцэх холбоо, Стоп ТБ партнершип байгууллагын гишүүн.

Зорилго

Сүрьеэ, уушигны өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон нийтийн оролцоог бий болгох, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх.

Зорилт

  1. Сүрьеэгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхижуулах
  2. Олон нийтийн дундаас бэлтгэгдсэн эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах
  3. Сүрьеэгээс сэргийлэхэд хувь хүн, хамт олон, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
  4. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг дотоодын болон гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
  5. Сүрьеэ болон уушигны өвчнөөс сэргийлэх талаар эрсдэлт бүлгийн хүн ам болон олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх

Зорилтот бүлэг

  1. Сүрьеэтэй өвчтөн, тэдний гэр бүлийн гишүүд
  2. Сүрьеэгийн эмч мэргэжилтэн
  3. Эмзэг бүлгийн айл өрх
  4. Нийт хүн ам

Үйл ажиллагаа

2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн 7 удаагийн төслийн салбар хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.

Төслүүдийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаанууд:

  • Аймаг дүүргүүдийн сумд болон хороодоос эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр, тодорхой шалгуурын дагуу сонгон авч, сургаж бэлтгэх
  • Сургагдсан эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд сүрьеэтэй өвчтний эмийг гэрт нь  хүргэн өгч харж уулгах
  • Сүрьеэтэй өвчтнүүдийг хоолтой эмчилгээнд болон хүнсний тусламжинд хамруулах
  • Олон нийт, эмзэг бүлгийн хүн амын дундаас сүрьеэгийн сэжигтэй тохиолдлуудыг олж эмнэлэгт илгээх
  • Өвчтөн, өвчтний ар гэрийнхнийг шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт дуудаж хамруулах
  • Мэдээлэл сургалт сурталчилгаа/зан үйлийг өөрчлөх чиглэлээр зорилтот бүлэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах
  • Сүрьеэтэй өвчтөн тэдний гэр бүлийн гишүүд оролцсон дэмжигч бүлгийн уулзалтыг сар бүр зохион байгуулах
  • ЕБС-ийн сурагчдын дундаас үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтуудыг сонгосон аймаг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах
  • Сүрьеэгийн клиникийн тасаг, аймгуудын сүрьеэгийн тасаг, өдрийн эмчилгээний цэгийн сувилагч нар, сүрьеэтэй өвчтнүүдэд гар урлалын чиглэлээр мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулах
  • Нийт хүн амын сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор телевиз, захын узель, FM радиогоор сурталчилгаа явуулах, мэдээлэл сургалт сурталчилгааны материал боловсруулан, түгээх

Үр дүн

  1. Олон нийтэд түшиглэсэн ДОТС эмчилгээний амжилт 98%.
  2. ЭМСДА нарын тусламжтайгаар 31907 өвчтний эмийг хяналттай уулгаж эмчилгээ дуусгасан байна.
  3. Сүрьеэтэй өвчтнийг эрт илрүүлэх асуумжаар 232 хүнийг илрүүлж эмчилгээнд хамруулсан.
  4. ЕБС-ийн сурагчдын дундаас үе тэнгийн сургагч бэлтгэх 43 удаагийн сургалтаар 815 үе тэнгийн сургагч бэлтгэж, 18944 хүүхэд эцэг эхчүүд, үе тэнгийнхэн, багш нарт мэдээлэл түгээсэн
  5. Сүрьеэгийн клиникийн тасаг, аймгуудын сүрьеэгийн тасаг, өдрийн эмчилгээний цэгийн сувилагч нар, сүрьеэтэй өвчтөнүүдэд гар урлалын чиглэлээр мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж  853 хүнийг хамруулсан.
  6. Эмч мэргэжилтнийг чадавхжуулах сургалтанд 28 эмчийг хамруулсан.
  7. Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр 16 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

http://mata.org.mn/ 

 

Мэдээ мэдээлэл