СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦХЭД НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ОЛГОХООР БОЛОВ

Глобаль сангийн Монгол улс дахь Үндэсний зохицуулах зөвлөлийн 80 дугаар хурал 2019 оны 2-р сарын 21-нд ЭМЯ-ны хурлын танхимд боллоо. Хуралдаанд манай улсад ажлын айлчлал хийж буй Монголыг хариуцсан менежер Аллан Нфамба оролцож үг хэлэхдээ Глобаль сангийн зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэтэй тэмцэх төсөлд нэмэлтээр 1,5 сая долларын санхүүжилт олгохоор болсныг онцлон тэмдэглэв. 
Азийн орнуудын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сан болон Азийн хөгжлийн банк 2017 оны 12-р сард Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийн хүрээнд тус банкны санхүүжилтээр манай улсад хэрэгжүүлж буй “Вируст гепатитын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах” төсөлд сүрьеэгийн бүрэлдэхүүнийг нэмэлтээр оруулан хамтран хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Санхүүжилтийн 500,000 ам. Доллар нь хүний нөөцийг чадавхжуулах, сургалт сурталчилгаанд зарцуулагдах бол үлдсэн 1 сая ам.доллар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэх юм. Хамтарсан төслийн үйл ажиллагааг АХБ удирдлага, зохицуулалтаар хангана. 
Түүнчлэн, хурлын үеэр “Залуус эрүүл мэнд” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Мягмардорж Азийн 8 орон хамтран хэрэгжүүлэх бүсийн ДОХ-той тэмцэх төслийн талаар сүүлийн үеийн мэдээллийг оролцогчдод хүргэлээ. Мөн Үндэсний зохицуулах зөвлөлийн Ерөнхий хяналтын хорооны Улаанбаатар хот болон Увс, Завхан аймгуудад ажилласан тайлан болон үр дүнгийн талаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

2019/03/05