СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Жил бүрийн 3-р сарын 24 өдрийг Дэлхий даяар Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.
Сүрьеэ нь дэлхийд нас баралтаараа тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд жил бүр 10 сая тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байна. 
Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4-рт орсон байна.Монгол Улсын Засгийн Газрын хүчин чармайлт болон Глобаль сангийн тусламж дэмжлэгээр сүрьеэтэй тэмцэх үйлсэд чамгүй амжилт гаргасан хэдий ч сүрьеэ нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйлстэй салшгүй холбоотой өвчин хэвээр байсаар байна. 
Энэ жил сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг ДЭМБ-аас гаргасан ЦАГ НЬ БОЛСОН уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг тохиолдуулан Сүрьеэгээс сэргийлэх, тэмцэхэд анхаарал хандуулах, мэдээлэл өгөх зорилгоор ЭМЯ-наас хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Н. Цогзолмаа , ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү, ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн П. Анузаяа болон сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулагуудын төлөөлөл оролцож Монгол улс дахь сүрьеэгийн өвчлөл, өнөөгийн нөхцөл байдал ба хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өгч ,тавьсан асуултанд хариуллаа.. 
Хурлын үеэр оролцогчид сүрьеэгээс сэргийлэх болон тэмцэхэд цаашид шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг сайжруулах нэн шаардлагатай байгааг онцолж байв.

2019/03/26