“ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛНЭ

ЭМЯ-ны НЭМГ-аас эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад “Хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалцгаая” уриан доор БЗДХ-аас урьдчилан сэргийлэх хоёр долоо хоногийн аяныг өрнүүлж байна.
            Аяны хүрээнд ЭМЯ, НЭМҮТ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл хамтран хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж сэтгүүлч нар, хэвлэл мэдээллийнхэнд БЗДХ болон түүнтэй холбоотой сүүлийн үеийн статистик тоон мэдээллүүдийг танилцууллаа. 
Энэ үеэр ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т. Энхзаяа нийт халдварт өвчний 38%-г БЗДХ-ын өвчлөл эзлэж байгааг дурьдаад, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх ажлуудыг чанартай хийх нь нэн чухал болохыг онцоллоо. 
            ХӨСҮТ-н дарга Д. Нямхүү ХДХВ-ийн халдвар болон БЗДХ-ыг Япон, Бельги улсуудын оношлуураар олон улсын стандартын дагуу оношлож байгааг дурьдаад ретровирусын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эмийн хувьд дэвшил гарч өдөрт зөвхөн нэг капсул эм уудаг болсон талаар мэдээлэв. Дархлааг дэмжих, шинэ вирус гаднаас орж ирэх болон эс дотор үржих нөхцлийг таслах зогсоох гэх мэт олон үйлдлийг энэхүү капсултай эм нь дангаараа гүйцэтгэж чаддаг байна. Ингэснээр эмчлүүлж буй хүний хувьд эмчилгээг тогтвортой үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. 
            Манай улсын хувьд ХДХВ-ийн халдварын нийт 270 тохиолдол бүртгэгдсэн байдаг ч 600 орчим халдвартай хүн байх магадлалтай гэсэн тооцоолол бий. 2018 онд ХДХВ-ийн 18 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол тэмбүүгийн өвчлөл өмнөх онынхоос 2,4 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 18,5% эмэгтэйчүүд байсан бол 81,5%-ийг эрэгтэйчүүд эзэлсэн байна.

 

2019/05/16