
Монголын Сумын Эмч, Мэргэжилтний Холбооны Ерөнхийлөгч Ц.Ганхүүтэй ярилцлаа.
2021-03-23
- Өөрийнхөө байгууллагын тухай товч та танилцуулна уу
Манай байгууллага 2012 онд МСЭМХ-ны Ерөнхийлөгчийн санаачлагагаар үүсгэн байгуулагдсан. 21 аймагт холбооны салбартай 331 сумын эрүүл мэндийн төв, 5500 гаруй эмч, мэргэжилтнүүдийг эгнээндээ нэтгэсэн байгуулага юм. Тус холбоо нь Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэиэгжүүлэхэд сумын эрүүл мэндийн төв\СЭМТ\-ийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, анхан шатны тусламж үйлчилгээг иргэд гэр бүл, хамт олонд хүртээмжтэй, чанартай хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
- Сүүлийн үед Монголын Сумын Эмч Мэргэжилтний Холбооноос ямар тодорхой үйл ажиллагаануудыг явуулж байна
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “...Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламжийн ачааллыг тэнцүүлж, хүн амд чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй “Үйлчлүүлэгч төвтэй” тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих...” арга хэмжээний хүрээнд Монгол улсад анхан шатны эрүүл мэндийн байгуулагуудыг хөгжүүлэх бодлого, чиглэлийг боловсруулах, Эрүүл мэндийн яам болон Глобаль сангийн дэмжлэгтэй төсөл, бусад хамтрагч талуудтай хамтран иргэдийг зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх тусламж үйлчилгээг өргөтгөхөд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Тухайлбал Глобаль сантай хамтран Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх, мөн бусад хамтрагч талуудтай хамтран зонхилон тохиолдох халдварт бус өвчний чиглэлээр артерийн гипертензи, чихрийн шижин, умайн хүзүүний хорт хавдарыг эрт илрүүлэх энэ чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах нь бидний ажлын томоохон хэсэг юм.
Өнгөрсөн 3 жилдсүрьеэ илэрүүлэх зорилгоор 21,269 хүний 42,510 цэрний сорьц зөөж 1,351 халдвартай хэлбэрийн сүрьеэг илүүлснээс 199 нь эмэнд тэсвэртэй сүрьеэ байсан байна. “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлгийг орон нутагт 291 сум, 351 багийн төлөөлөл, 1453 оролцогчдыг хамруулан зохион байгуулсан ба сургагч багш бэлтгэх “Монгол улсад зонхилон тохиолдох халдварт өвчний үед эрүүл мэндийн анхан шатны түвшинд үзүүлэх тусламж үйлчилгээ” сургалтаар хот, хөдөөгийн анхан шатны 63 эмч, мэргэжилтэнг сургаж, гарын авлага боловсруулан хэвлүүлж, 331 сумын ЭМТ-д хүргүүлсэн байна.
Үүнээс гадна дэмжлэгт хяналтыг давхардсан тоогоор 35 аймагт 43 удаа, 184 сумын ЭМТ-ийг хамруулж, 1961 сумын эмч мэргэжилтэнг ажлын байранд нь дадлагажуулан сургалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг давхардсан тоогоор 49 аймгийн 285 сумын 171 уурхайн уурхайчид болох 100608 хүнийг хамруулан хийж, халдварт бус өвчин 4302, халдварт өвчин 189, үүнээс сүрьеэгийн 165 тохиолдлыг илрүүлэн эмчилгээ, хяналтанд авч ажиллаж байна.
- Ойрын үед Та бүхэн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажлынхаа талаар танилцуулна уу
Оны эхний улиралд бид Холбооноос өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайлан, амжилт, ололт, анхаарах асуудлуудаа хамт олондоо танилцуулж, шинэ онд хийх арга хэмжээгээ ярилцан тогтдог уламжлал болсон ажил маань болж өнгөрлөө. Жил болгоны 3 дугаар сарын 24-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг угтан 2 дугаар сарын 19-нд МСЭМХолбооны удирдах ажилтан, аймгийн Салбар зөвлөлийн дарга нар, нийт 35 хүнийг хамруулсан “Сумын Эрүүл Мэндийн Төвд Сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам, заавар” сэдэвт сургалтыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Глобаль сантай хамтран, мөн Увс, Завхан, Хөвсгөл аймгийн бүх сумын их эмч, бага эмч, зарим засаг дарга нарыг оролцуулсан “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалтыг тус тус амжилттай зохион байгуулаад байна. Ойрын өдрүүдэд Төв аймгийн 6 сумыг хамруулан Сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байдалд газар дээр нь дэмжлэгт хяналт хийж заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
- Та бүхэнд Сүрьеэтэй тэмцэх болон цаашид хийх ажилд нь амжилт хүсье
Баярлалаа. Бид ирэх хугацаанд үйл ажиллагаагаа улам батжуулан өргөжүүлж, хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэх болно. Энэ боломжийг ашиглан хамтран ажилладаг бүх сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ХӨСҮТ-ийн удирдлага, Сүрьеэгийн Тандалт Судалгааны Алба, Глобаль сангийн хамт олон, эрүүл мэндийн салбарын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.