Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Бидний тухай

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд 2003 оноос эхлэн 8 удаагийн төслийг үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна.


Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслүүд нь Монгол улсын ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хариу арга хэмжээ, үндэсний стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор санхүүгийн болон техникийн буцалтгүй тусламжийг олгож, ДОХ, сүрьеэ өвчний тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээ, хяналтыг шинэ шатанд гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.


Өнгөрсөн 20 жилийн хугацаанд (2003-2023 он) ДОХ-ын төслийн хүрээнд Нийт хүн ам болон ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэлт, ретровирусийн эсрэг болон дагалдах халдварын эмчилгээ, бэлгийн замын халдварын эм, оношлуур, урвалжаар хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, лабораторийг бэхжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагаанд нийт 27.1сая ам.доллар зарцуулаад байна.


Мөн хугацаанд сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэгийн оношилгоо үүнд урвалж бодис, картриж, хурдавчилсан оношлуураар хангах, орон нутгийн болон үндэсний лабораторийн сүлжээг бэхжүүлэх, эмэнд мэдрэг болон эмэнд тэсвэртэй, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмээр хангах, аймгийн НЭ, дүүргийн ЭМТ-ийг оношилгооны болон лабораторийн тоног төхөөрөмж: үүнд рентген, Жене-Эксперт аппаратаар хангах, улсын хэмжээнд 333 сумын ЭМТ-өөс аймаг руу сорьц тээвэрлэх сүлжээ байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулах, ОЭТС-тэй өвчтөнүүдэд явуулын багийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сүрьеэгийн илрүүлэг үзлэгийг эрсдэлт бүлгийн хүн амд зохион байгуулах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, сайн дурын ажилтан бэлтгэх, ажиллуулахад нийт 51.8 сая ам.доллар зарцуулсан.


Дээрх үйл ажиллагааны үр дүнд Монгол Улс нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Мөн сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлтийг эрчимжүүлэн, далд, нуугдмал халдварыг эрт илрүүлэх оношилгооны сүүлийн үеийн дэвшилтэт технологуудыг нэвтрүүлж, сүрьеэгийн лабораторуудын чадавхийг сайжруулан, сүрьеэгийн шалтгаант нас баралтыг бууруулж, эмчилгээний амжилтыг нэмэгдүүлж чадсан билээ.


Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх, сэргийлэх, оношлуур урвалж, хамгаалах хэрэгсэлээр хангах, цар тахлын улмаас ХДХВ, сүрьеэгийн тусламж үйлчилгээнд учирч байгаа саад бэрхшээлийг арилгах зорилгоор Глобаль сангаас Монгол улсад 7.6 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгосон.