
ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сан
2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын ерөнхий ассамблейн чуулган дээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан жил бүр 6 сая гаруй хүний амь насанд хүрч, улс орон бүрд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд зарцуулах хөрөнгө дайчлах, өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нягт уялдуулах боломжтой шинэ механизм бүрдүүлэх санаачлага гаргасны дагуу 2002 оны 1-р сард Женев хотноо ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй Глобаль сан байгуулагдсан.
Глобаль сан байгуулагдсанаасаа хойш дэлхийн 140 гаруй оронд санхүүжилт олгоод байгаа нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй ДОХ-ын хөтөлбөрүүдийн нийт санхүүжилтийн 21%, сүрьеэгийн санхүүжилтийн 73%, хумхаагийн санхүүжилтийн 56%-тай тус тус тэнцэж байна. 2019 оны байдлаар тус сангийн санхүүжилтээр 20,1 сая хүн ДОХ-ын Ретровирусийн эсрэг эмээр хангагдаж, сүрьеэгээр өвчилсөн 5.7 сая хүн эмчлэгдэж, 320 сая хүн хумхаагаас сэргийлэх тороор хангагдсанаар дэлхий даяар 38 сая хүний амь эрсдэхээс сэргийлж чадсан байна. Мөн 718 мянган хүүхдийг эхээсээ ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлж, 125 мянган хүн ОЭТС-гээр өвчилснийг эмчилжээ.
Санхүүжилт олгох зарчим:
- Халдварын тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ улс орнуудын өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан төсөл шалгаруулалт жил бүр зарлаж тэнцсэн төслүүдийг санхүүжүүлэх
- Халдварын тархалтын эсрэг тухайн орны Засгийн газраас гаргаж байгаа хөрөнгөнд нэмэлт санхүүжилт олгох
- Хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зорилгоор олон салбарын төлөөллийг оролцуулсан ҮЗЗ ажиллуулах
- Гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгох
Төслийн бүтэц
