
ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сан
2001 онд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон Дархлалын олдмол хомсдол (ДОХ), сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд хөрөнгө дайчлах, өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нягт уялдуулах боломжтой шинэ механизм бүрдүүлэх санаачлага гаргаж үүний дагуу 2002 оны 1-р сард Женев хотноо ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сан байгуулагдсан.
Глобаль сан нь эдийн засгийн хувьд бага, дунд орлоготой орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ тухайн улсын Засгийн газраас зарцуулж байгаа төсөв, хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт олгох зарчмыг баримтлан байгуулагдснаасаа хойш нийт 140 гаруй оронд 41 тэрбум ам.долларын санхүүжилт олгоод байна. Санхүүжилтийн 46 хувийг ДОХ-ын тархалтыг бууруулахад, 15 хувийг сүрьеэгээс сэргийлэх, тэмцэхэд, 4.8 хувийг ДОХ/Сүрьеэгийн хавсарсан халдварын тусламж үйлчилгээг сайжруулахад, 27 хувийг хумхаатай тэмцэх сэргийлэхэд зарцуулж байна.