
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхээр баг, хорооны засаг дарга – Өрхийн эрүүл мэндийн төвийн “Хамтарсан баг” ажиллаж эхэллээ.
2021-03-01
Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ядуурал, хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн, эмчилгээ таслалт, сүрьеэгийн дэгдэлт, агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд тодорхойлсон. Манай улсын хүн амын 29.6% буюу 907.5 мянган хүн ядуу, сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн 35% нь ажилгүй, 78.1% нь гэр хороололд амьдарч, амьжиргааны баталгаат түвшингээс доогуур байгаа нь сүрьеэгээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймээс иргэдэд хамгийн ойрхон байж, тэдний эрүүл мэндийг хамгаалж байдаг ӨЭМТ-ийн хамт олон, нийгэм, эдийн засаг, засаг захиргааны зүгээс анхаарч байдаг хороо, багийн ажлын албаны “Хамтарсан баг” нь сүрьеэг эрт илрүүлэх, эмчлэх, хянах, сүрьеэгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, чирэгдлийг багасгахад чиглэж ажиллах юм.