Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Хэрэгжүүлэгчид

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхээр Баг/Хорооны ажлын хэсэг – Өрхийн эрүүл мэндийн төвийн “Хамтарсан баг” ажиллаж эхэллээ.

2021-03-01

Баг, хорооны иргэдэд үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, чирэгдлийг багасгах, сүрьеэгийн эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх, сүрьеэд өртөх эрсдэлтэй иргэд, сүрьеэгийн ойрын болон холын хавьтлыг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах, сүрьеэтэй өвчтөний эмчилгээний тасалдлыг бууруулахад Хороо, ӨЭМТ хамтарч ажиллах “Хамтарсан баг”-ийг 21 аймгийн төв, нийслэлийн 8 дүүргийн 225 ӨЭМТ, 225 баг хороонд Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэй байгуулан ажиллуулж эхлээд байна. Засгийн газрын 2017 оны 11 тоот тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” тусгагдсан “Сүрьеэ өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэлэг аргыг нэвтрүүлж, салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэхэд Хороо – ӨЭМТ-ийн “Хамтарсан баг” чухал үүрэг гүйцэтгэх юм.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Засаг дарга, тус хорооны “Ундрах – Ирээдүй” ӨЭМТ хамтран Сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг тус хорооны иргэний танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд МӨАУМХ, Глобаль сангийн Сүрьеэгийн төслийн мэргэжилтнүүд, Чингэлтэй дүүргийн 14,15,16,17,18-р хороодын засаг дарга нар, сайн дурын идэвхтнүүд оролцов. Өдөрлөгийн үеэр МӨАУМХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, Глобаль сангийн сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа нар Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ӨЭМТ-Хороо, Глобаль сангийн оролцооны талаар мэдээлэл өгч, “Ундрах – Ирээдүй” ӨЭМТ-н дарга Ж.Алтантуул сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ” Хамтарсан баг”-ийн гишүүн бүр, тэр дундаа хорооны засаг дарга, цагдаа хэсгийн ахлагч нарын оролцоо чухлыг онцлон танилцуулав.

Өдөрлөгт оролцсон Хорооны засаг дарга нар энэхүү арга хэмжээ цаг үеэ олсон, Хамтарсан багаа ажиллуулахад сайн туршлага болж байгааг, сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ӨЭМТ хамтарч ажиллах нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, хянах сэргийлэх, эмчлэхэд илүү үр дүн авчирна гэдгийг онцлон хэлж, сүрьеэг эрт илрүүлэхэд үйл ажиллагаагаа голлон чиглүүлэх, Сүрьеэгүй хороо болох алсын зорилго тавьж байгаагаа илэрхийлэв. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тухайн хороон дээр байгаа сургууль, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах хэрэгтэй гэдэг саналыг гаргаж байв. Ажил хэрэгч олон санал санаачлага гарсан, бусдад туршлага болсон үр дүнтэй өдөрлөг болж өндөрлөв.

Сүрьеэгүй хороо болох их зорилгод амжилт хүсье.