
Сүрьеэ өвчний талаар мэдвэл зохих ойлголтууд
2021-09-06
Сүрьеэгэжюувэ?
Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг.
2000 жилийн өмнө эртний Грекийн эрдэмтэн Гиппократ нэгэн нийтлэг тохиолддог өвчний талаар тодорхойлон бичиж байсан нь өнөөгийн бидний нэрлэдэгээр сүрьеэ өвчин байсан байна. Сүрьеэ нь хүний биеийн ямар ч эрхтнийг гэмтээж болох ч ихэнхи нь буюу 80 гаруй хувь нь уушигны сүрьеэ байдаг ажээ. Цагаан тахал гэж нэрлэгдэж байсан энэ өвчин нь 20-р зууны эхний хагаст нас баралтын гол шалтгаан болж байжээ. Учир нь хүмүүсийн энэ өвчний талаарх мэдлэг ч, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тариа ч ядруухан байсан байна. Харин өнөөдрийн бидний ойлголт болон анагаах ухааны хөгжил энэ өвчнийг ялан дийлэх боломжийг бидэнд олгож байна.
Сүрьеэяажтархдагвэ?
Дэлхийн нийт хүн амын 1/3 нь сүрьеэгийн халдвар авсан гэсэн тоо баримт байдаг. Учир нь сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаахад эдгээр нянгууд агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүн энэхүү агаараар амьсгалснаар халдвар авна.
Сүрьеэгүүсгэгчньюувэ?
Сүрьеэ нь сүрьеэгийн микобактериар үүсгэгддэг.
Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй.
Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээрөвчилсөнгэсэнүгүү?
Үгүй. Сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь өвчилж ихэнхи нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг байна.
Хэдийгээр сүрьеэгийн нян бүхий агаараар амьсгалсан олон хүмүүс халдвар авах магадлалтай боловч бие махбодийн дархлалын тогтолцоо хэвийн ажиллаж байвал нянгийн эсрэг тэмцэж түүний өсөлтийг зогсоож чадна. Гэхдээ нянгууд бүрмөсөн устдаггүй, өвчин үүсгэхгүй унтаа байдалд шилжин хүний биед хадгалагдана. Ийм тохиолдлыг сүрьеэгийн халдвар авсан гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар нэг зовиур мэдэгдэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.
Сүрьеэгийнхалдваравсанхүняагаадөвчилдөгвэ?
Хэрэв хүний дархлалын тогтолцоо сул бол нянгийн өсөлтийг зогсоож чадахгүй. Зарим хүмүүс халдвар авсны дараа удалгүй өвчилдөг бол зарим хүмүүс тодорхой хугацааны дараа ямар нэгэн шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл нь сулрахад өвчилж эхэлдэг. Биеийн эсэргүүцэл сулрахад унтаа байдалд байсан нянгууд идэвхижиж үржсэнээр эд эрхтнүүдийг гэмтээж эхэлнэ. Энэ байдлыг сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлнэ. Амьсгалж буй агаартай хамт хүний уушгинд орсон нян тэндээ өсч үржиж уушгийг гэмтээж эхлэх ба үүнийг уушгины сүрьеэ гэдэг. Цус тунгалгийн шингэнээр дамжин биеийн бусад эд эрхтнүүдийг гэмтээж буй тохиолдлыг сүрьеэгийн уушгины бус хэлбэр гэнэ.
Биеийн дархлалын тогтолцоо сулрах ямар шалтгаанууд байж болох вэ?
Хоол унд дутмаг байх, сэтгэл санааны хямралд орох, ядрах, халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх зэрэг нь биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болдог. Ялангуяа Хүний Дархлал Хомсдлын Вирус нь бие махбодын дархлалын тогтолцоог гэмтээж аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгодог. Мөн бага насны хүүхдүүдийн дархлалын тогтолцоо ихэвчлэн сул байдаг нь аливаа өвчинд өртөмтгий болгодог байна.
Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?
Сүрьеэ хаа сайгүй байдаг. Хэн ч сүрьеэгийн халдвар авч болох ч эрсдлээр нь зэрэглэж үзвэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй хамт амьдардаг хүмүүс 100%, хамаатан садан, найз нөхөд, хамт ажиллагсад 10%, холын хавьтал 1% байдаг байна. Мөн
· ХДХВ-ийн халдвартай хүмүүс
· Орон гэргүй хүмүүс
· Сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны хүмүүс
· Асрамжийн газар байгаа хүмүүс
· Шоронгийн хоригдлууд
· Чихрийн шижинтэй буюу хавдартай хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.
Сүрьеэ нь агаараар дамждаг гэдгийг та санаж байгаа байх. Харин гар барих, жорлонгийн суултуур, аяга тавгаар халдвар дамжихгүй.
Сүрьеэгээрөвчилсөнболямар шинж тэмдэг илрэх вэ?
Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.
· 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
· Цээжээр өвдөх
· Цустай буюу цэртэй ханиалгах (уушигны гүнээс цэртэй ханиалгах)
· Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдгүүд:
· Ядарч сульдах
· Турах
· Хоолонд дургүй болох
· Халуурах
· Шөнө хөлрөх
Урьдчилан сэргийлэх үзлэгтхамрагдахыначхолбогдолюувэ?
Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.
Ямар шинжилгээнүүдөгөхшаардлагатайвэ?
1. Цээжний рентген зураг
2. Туберкулины сорил
3. Цэрний шинжилгээ
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг арьсан дээр сорил тавих замаар тодорхойлно. Та харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансер дээр очиж сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арьсны сорилыг тавиулах боломжтой. Зориулалтын тариураар мэргэшсэн эмнэлгийн ажилтан гарын бугалганы дотор талд туберкулин хэмээх бэлдмэлийг тарьдаг. 2-3 хоногийн дараа арьсан дээр гарсан өөрчлөлтийг хэмжиж үзнэ. Хэрэв халдвар аваагүй бол хүний биеийн дархлалын эсүүд гадны биет гэж танихгүй бөгөөд хариу урвал үзүүлэхгүй. Энэ нь сорил тариулснаас хойш 2-3 хоногийн дараа тухайн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт үүсэхгүй гэсэн үг юм. Харин халдвар авсан бол тухайн хүний дархлалын эсүүд сорилоор бие махбодид орсон нянг дайснаа гэж танин дархлалын урвал явагдана. Энэ нь тарьсан газар гүвдрүү үүсч өөрчлөлт гарах байдлаар илэрнэ. Гэхдээ арьсны сорил эерэг гарах нь сүрьеэгээр өвдсөн гэсэн үг биш бөгөөд та зөвхөн халдвар авсан эсвэл өвдсөнөө мэдэхийн тулд өөр бусад шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай гэсэн үг юм.
Хэрэв та :
· Сүрьеэгийн халдвартай хэлбэр бүхий өвчтөнтэй хамт байсан бол
· Та ХДХВ-ийн халдвартай эсвэл сүрьеэгээр өвчлөх эрсдэл бүхий нөхцөл байдалд байгаа бол
· Та өөрийгөө сүрьегээр өвчилсөн байж болзошгүй гэж бодож буй бол
· Та сүрьеэгийн өвчлөл өндөртэй оронд амьдардаг буюу очиж байсан бол (Латин Америк, Африк, Ази, Зүүн Европ, Орос г.м) сүрьеэгийн халдвар авсан эсэхээ тодорхойлуулах шинжилгээ хийлгэх шаардлагатай.
Хэрэв сорилын хариу эерэг гарвал яах вэ?
Манай орны хувьд арьсны сорилыг ихэвчлэн хүүхдүүдэд хийдэг бөгөөд сорил эерэг гарсан тохиолдолд халдвар авсныг баталгаажуулах, сүрьеэгээр өвчилсөн эсэхийг нь тодорхойлохын тулд цээжний рентген зураг, цэрний шинжилгээ гэх мэт өөр бусад шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай. Хэрэв халдвар авсан бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, сүрьеэгээр өвчилсөн нь батлагдвал сүрьеэгийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Сүрьеэгээс яаж урьдчилан урьдчилан сэргийлэх вэ?
Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх нь
1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт
2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх
3. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэсэн хэлбэрүүдтэй.
Өвөрмөцурьдчилансэргийлэлт
БЦЖ вакцин
Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чадвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцины 1-р тунг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор, 2-р тунг 8 настайд тарина. Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд БЦЖ вакцин нь ямар нэг хор нөлөөгүй болох нь тогтоогдсоны үндсэн дээр 1928 оноос сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх болжээ.
Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна.
Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн цөөнх нь хоол тэжээлийн дутагдал болон тэдний биеийн эсэргүүцэл суларснаар сүрьеэгийн халдвар авч, сүрьеэгээр өвчилж болох боловч зөвхөн хөнгөн хэлбэрийн сүрьеэгээр өвчилнө. Вакцины дараах урвал 2-4 долоо хоногийн дараа эхэлнэ.