Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР УРАЛДААН”-ы шилдгүүд тодорлоо

2022-01-04

Эмч эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлан таниулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад судлаачдын судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы нэрэмжит “Эрдэм шинжилгээний анхдугаар уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.
“Эрдэм шинжилгээний анхдугаар уралдаан” –д нийт 27 бүтээл ирсэн бөгөөд Эрдмийн зөвлөлийн хөндлөнгийн гишүүд найман үзүүлэлтээр дүгнэж онооны дунджаар шилдэг дөрвөн илтгэлийг шалгаруулж өргөмжлөл хоёр сая төгрөгөөр шагнав.
Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл номинацад - Микобактерийн лавлах лабораторийн тасгийн эрхлэгч АУ-ны магистр Т. Оюунтуяа нарын бүтээл “СҮРЬЕЭГ ОНОШЛОХ XPERT MTB/RIF ШИНЖИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН” сэдвээр 98 оноогоор шалгарсан.
Шилдэг эрдэм шинжилгээний тойм өгүүлэл номинацад - Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга АУ-ны доктор Э. Оюунчимэг нарын “Дэлхийн улс орнууд дахь Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд КОВИД-19 цар тахлын нөлөөлөл” сэдэвт хамтын бүтээл 82 оноогоор шалгарсан.
Эмнэл зүйн ховор тохиолдол номинацад - Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 1-р тасгийн эрхлэгч АУ-ны магистр А. Оюунчимэг нарын “Вируст гепатит зүрхний эмгэг хавсарсан, ОЭТС-тэй өвчтөний эмчилгээний менежментийг амжилттай хийсэн нь “ сэдэвт хамтын бүтээл 87 оноогоор шалгарсан.
Шилдэг судлаач албаар Ж.Даваалхам даргатай ДОХ,Бэлгийн замаар дамжих халдвартын тандалт судалгааны алба Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн онооны дунджаар 85,4 оноогоор шалгарав. Тус алба нийт зургаан бүтээл илгээсэн байна.
“Эрдэм шинжилгээний анхдугаар уралдаан”-д бүтээлээ илгээсэн нийт судлаач, эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.


Эх сурвалж :ХӨСҮТ