
“Монгол Улс сүрьеэгийн эмчилгээ, оношилгооны үр дүнгээр Азийн орнуудад тэргүүлдэг“
2022-03-24
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд “Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье“ өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт ХӨСҮТ, НЭМГ, НЭМҮТ, нийслэлийн 6 дүүргийн сүрьеэгийн диспансер, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, МУЗН, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл өгч, шинж тэмдэг эмнэлзүйн асуумж авах, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авч байна.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд " "Сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварлаж, хүний биеийн арьс, яс, гэдэс зэрэг маш олон эд эрхтнийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өчвин. Монгол Улсад жилд дунджаар 13,000-14,000 мянган хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэсэн тоо мэдээ байдаг боловч, илрүүлэг үзлэгээс хамран ердөө 3000-4000-ыг л илрүүлж байна. Нийт оношилгдож байгаа хүний 60 хувь нь Улаанбаатар хотод байна. Тиймээс цаашид бид сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илэрсэн хүнийг эмчлэхийн төлөө анхааран ажиллах шаардлагатай байна. Сүрьеэгүй эрүүл ирээдүйг бүтээж, хүн ард, залуучуудаа эрүүл байлгахын төлөө хамтдаа хичээе." гэв.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар ХӨСҮТ, олон улсын байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан энэ оны 2 дугаар сараас эхлэн 30 гаруй арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
ДЭМБ-аас 20 жилийн өмнө сүрьеэг "аюултай өвчин" хэмээн зарласан ч энэхүү өвчин дэлхийн дахинд нас баралтын 10 шалтгааны нэг хэвээрээ байна. Цаашлаад олон эмэнд тэсвэртэй сүрьеэ, хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчтөнүүдийн бэрхшээл тулгарсаар байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид Ковид-19 цар тахалтай хамтдаа тэмцэж, 4 давалгааны ард хохирол багатай даван туулаад байна. Ковид-19-ын энэ нөхцөл байдал халдварт өвчин тэр дундаа сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд сааруулах нөлөө үзүүлсэн. Бид өмнө нийт тооцогдсон сүрьеэ өвчний 30 хувийг илрүүлдэг байсан бол сүүлийн 2 жил энэ нь 20 хувь болж буурсан. Тиймээс цаашид илрүүлэгийн хувийг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага тулгарч байна.
Манай эрүүл мэндийн байгууллагууд, сүрьеэгийн диспансерууд илрүүлсэн, оношилсон сүрьеэтэй өвчтөнүүдийг хянах, эмчлэх хувь олон улсын түвшингээс өндөр байгаа. Харин эмчилгээ, оношилгооны үр дүнгээр Азийн орнуудад тэргүүлдэг. Тиймээс цаашид сүрьеэгийн эрт илрүүлэгийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Үүнд засаг захиргааны нэгж, холбогдох бодлого шийдвэр гаргаж буй байгууллагууд, иргэн бүрийн оролцоо чухал байдаг.
Бидэнтэй сүрьеэтэй хамтдаа тэмцэхэд хамтран ажиллаад 20 жилийн ой болох гэж буй Глобаль сан, ДЭМБ, Солонгосын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгт, салбар хүлээн авагч байгууллагуудад талархаж байна." гэдгийг онцлов.



























