
Баян-Өлгий аймаг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр “-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.
2022-03-31
Сүрьеэтэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал” гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэж байна. Орон нутгийн Дербес ТВ-ээр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан дарга мэдээлэл өгч, Сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа. Мөн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд Улаанхус сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос аймгуудын Салбар хороодтой хамтран “Сүрьеэгүй сум” зорилтот хөтөлбөрийг 21 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсний дагуу Баян-Өлгий аймгийн Улаанхус сум “Сүрьеэгүй сум” зорилтот хөтөлбөрт хамрагдсан юм. Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” сэдэвт хэлэлцүүлэг болон нээлтийн ажиллагааг Улаанхус сумын ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансер, Улаанхус сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгууллаа. Улаанхус сумын иргэдэд сурталчилгаа хийж, , Глобаль сангаас нийлүүлсэн зөөврийн рентген аппаратаар эрсдэлт бүлгийн 63 хүнээс асуумж, цээжний зураг авч , 20 хүнийг түрхэцийн шинжилгээнд хамруулах аргаар эрт илрүүлгийн үзлэг зохион байгууллаа. Тус сумын Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн асуудал хариуцсан дотрын эмч, лаборант, вакцинатор, эмэгтэйчүүдийн эмч нарын сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хөтөлж буй анхан шатны маягтыг үзэж, мэргэжил , арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор сүрьеэтэй тэмцэх арга хэмжээ жилийн турш хэрэгжих юм.