
Монголын улаан загалмай нийгэмлэгээс Эрүүл мэндийн яаманд “Сөрөг даралтат түргэн тусламжийн машин” хандивлах үйл ажиллагаа 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо.
2022-04-13
“Ковид-19” халдварын үед өвчтөн тээвэрлэх зориулалттай иж бүрэн тоноглогдсон автомашиныг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан загалмайн байгууллагаас хандивлаж, Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан гардуулж өгч байгаа юм.
Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга О.Номин нар оролцлоо.
Сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгаж, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг дэвшилтэд технологид суурилсан. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлэх давуу талтай юм.
Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Үүнд AII6000S брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтсан байна.