
ЭМЯ, ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
2023-03-15
ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН
ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Эрүүл мэндийн яам нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сантай нягт хамтран ажиллаж, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах чиглэлээр 2003-2020 онд 15 удаагийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй 16 дахь удаагийн ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам тус төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)-ийг удирдан ажиллах ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төслийн зохицуулагч нь Монгол Улсад хэрэгжиж байгаа ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-д тусгасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих ДОХ, сүрьеэгийн төсөл (MNG-C-MOH)-ийн хэрэгжилтийг хангах;
- Төслийн ХЗН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, ХЗН-ийн ажлын үр дүнг хариуцах;
- ЭМЯ болон Глобаль сангийн хооронд байгуулсан гэрээний ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;
- Төслийн санхүүжилтийг хянан баталгаажуулах;
- Төслийн бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон тухайн ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж, төслийн захиралд танилцуулах;
- Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас эрх олгосны дагуу ХЗН-ийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, биелэлтэд нь хяналт тавих;
- Төслийн үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах;
- Төслийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг тасралтгүй зохион байгуулж, явц, үр дүнг төслийн захирал, ЭМЯ-нд танилцуулах;
- Гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь хүргүүлэх;
- Төслийн хүрээнд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэж, явц, үр дүнг төслийн захирал, ЭМЯ-нд танилцуулах;
- Зөвлөх болон гүйцэтгэгчээс ажлын явцын дэлгэрэнгүй тайланг гаргуулан авах, дүгнэх,
- ЭМЯ болон салбар хүлээн авагч байгууллагын хүсэлтийн дагуу ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг Үндэсний зохицуулах зөвлөл (ҮЗЗ)-д танилцуулж хэлэлцүүлэх. Энэ тохиолдолд Сангийн орон нутгийн агент (СОНА)-аар дамжуулан Глобаль сангийн Женев дэх төвд хүргүүлж, хэрэгжилтийг хангах.
Ажлын байрны шаардлага:
- Эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын тухайн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Магистр, түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой;
- Удирдах албан тушаалд эсвэл хандивлагч орны болон олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн удирдлага, менежментийн багт 3 болон түнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай;
- Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх.
Дараах материалыг бүрдүүлэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17.00 цаг хүртэл Эрүүл мэндийн яаманд ирүүлнэ үү.
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
2. Хувь хүний товч намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
3. Боловсролын зэргийн дипломын хуулбар (бакалавр, магистр, докторын диплом)
4. Өмнөх хоёр ажил олгогчийн тодорхойлох захидал.
Хаяг: Эрүүл мэндийн яам, Засгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот.
Холбогдох утас: 51-263695.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛ