
МОНГОЛ УЛСАД “ДОХ-ЫН ТАРХАЛТЫН ЗАГВАРЧЛАЛ”-ЫГ АШИГЛАН ХДХВ, ДОХ-ЫН ТАРХАЛТЫГ ТООЦООЛОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2024-03-26
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс улс орнуудын Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах, ДОХ-ын тархалтыг бодитоор тооцоолж цаашдын хандлага, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход нэгдсэн аргачлалаар хангах зорилгоор “ДОХ-ын тархалтын загварчлал”-ыг санал болгон, тооцоолол хийхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг.
“ДОХ-ын тархалтын загварчлал” нь ХДХВ-ийн халдварын тархалт, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлт зан үйл бүхий бүлгийн хүн амын тоо, бэлгийн зан үйл, урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний хөтөлбөрийн хамралт, түүнд шаардагдах зардал, хүн амын тоо гэх мэт мэдээллүүд дээр тулгуурлан ХДХВ-ийн халдварын хөдлөл зүйг загварчилдаг программ бөгөөд халдварын тархалтыг зогсооход чиглэсэн үйл ажиллагааны зардал, үр нөлөөг тооцдог давуу талтай.
2018 онд анх удаа Монгол улсад “ДОХ-ын тархалтын загварчлал” ашиглан хийсэн тооцоолол нь 2030 он хүртэл жил бүр бүртгэгдэх ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол, ДОХ-ын шалтгаант нас баралт, эмчилгээ шаардлагатай хүний тоо, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс дэвшүүлсэн дэлхий нийтээр 95-95-95 зорилтод хүрэх хамгийн үр дүнтэй арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай нотолгоог бүрдүүлсэн чухал ач холбогдолтой байсан.
2024 оны 3-р сарын 25-аас 29-ний хооронд “ДОХ-ын тархалтын загварчлал”-ыг 2 дахь удаагаа НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн мэргэжил арга зүйн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, SKPA-2 төсөл хамтран зохион байгуулж байна. Тооцооллоос гарсан үр дүнг Дэлхий нийтийн 95-95-95 зорилтод хүрэх хамгийн үр дүнтэй арга хэмжээг төлөвлөхөд ашиглана.
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн бүсийн мэргэжилтэн Др. Еэ Юу Швэ, зөвлөх Др. Виват нар уг сургалтыг чиглүүлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах ба ЭМЯ, Глобаль Сан, ДЭМБ, ХӨСҮТ, ЭМХТ, АШУҮИС, “Залуус Эрүүл Мэнд Төв” ТББ, SKPA-2 төсөл, ”Төгс Бүсгүйчүүд” ТББ-ын холбогдох мэргэжлтнүүдээс бүрдсэн нийт 40 оролцогч сургалтанд хамрагдаж байна.